Wednesday, October 21, 2009

“Louis Vuitton”-ы нээлтэд зориулж Сүхбаатарын талбайд шинэ “харш” босгожээ

Сүхбаатарын талбайн урд хэсэгт долоохон хоногийн хугацаанд гэнэт томоос том байшин сүндэрлэсэн нь дэлхийд алдартай “Louis Vuitton” брэндийн нээлтийн ажиллагаанд зориулсан “харш” ажээ. Сүхбаатарын талбайн зүүн талд сүндэрлэсэн "Шангрелла" цогцолборт албан ёсны салбараа нээгээд удаагүй байгаа Францын алдарт брэнд болох "Louis Vuitton"-ынхон ийнхүү хэдхэн хоногийн дотор Монголын нийслэлийн төв талбай дээр барилга барьж амжсан нь олны сонирхлыг татаж байна.

Зөвхөн нээлтийн ажиллагаагаа зохион байгуулж, түүнд зориулсан шоу хийгээд буцааж буулгах энэ “харш”-ийг барихын тулд их хэмжээний мөнгө зарцуулсан гэх ба энэ сарын 23-нд буюу ирэх баасан гаригт болох нээлтийн ажиллагаанд Монголын улс төр, урлаг соёл, бизнесийн гэхчлэн нэрлэж болох бүхий л салбарын элитүүд уригдсан аж.

Монголын толгой баячуудын хийгээд одуудын цугларалт болох сурагтай "Louis Vuitton" брэндийн нээлтийн ажиллагаа Сүхбаатарын талбайд сүндэрлэсэн явуулын харшид хэрхэн өрнөх тухай мэдээллийг "Louis Vuitton"-ы Монгол дахь салбарын ажилчдаас сонирхсон боловч сүр дуулиантай нээлтийн ёслолынхоо талаар нэг ч үг хэлэхийг хүссэнгүй. Ямартай ч ирэх баасан гаригийн 18.00 цагт Сүхбаатарын талбайд сүрхий өндөр үнээр боссон шинэ өргөөнд Монголд урьд өмнө байгаагүй тансаг арга хэмжээ болох тухай уригдсан зочид нь сонирхуулж байна.

Францын алдарт "Louis Vuitton" брэнд нь Монголд анх удаа салбараа нээж байгаа бөгөөд “Louis Vuitton”-ы салбар дэлгүүр Сүхбаатарын талбайн хажуугийн "Шангрелла" цогцолборын байранд үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа юм.

No comments:

Post a Comment