Wednesday, October 21, 2009

Хятадын армиас хамгийн сүүлд алдагдсан нууц тоо баримтууд

Tусгаар тогтносон ямар ч улсын цэрэг зэвсэгийн тоо, хүчин чадал, нөөц боломж гэдэг үеийн үед нууцын зэрэглэлд хамаарч далд газар үл шатах шүүгээнд хадгалагдаж байдагийг уншигч та андахгүй мэдэх буй за. Гэвч хөрш зэргэлдээ болон ашиг сонирхол нь зөрчилдөж мэдэх улс орны тагнуулын ажилтанууд тохиолдож болох бүх гай гамшигийг сөрөн байж тэрхүү нууц тоо баримт материалыг олзлон илрүүлж өөрийн орны тусгай албадад хүргэдэг билээ.

Соц нийгмийн үед манай Ардын армийн анги нэгтгэлүүд 137-р анги, 256-р анги, зэвсэгт хүчний 332-р анги гэх мэт хэтийдсэн тоонууд хэрэглэдэг байсан нь мөн л харь гүрний тагнуулын албадыг төөрөлдүүлэх зорилготой байв.
Нэг ёсондоо Монгол улсын цэргийн тоог харийн гүрний сөрөг тагнуулын албанд мэдэгдэхгүйн тулд байгаа нөөц боломжоос нь хэтрүүлсэн дугааруудыг анги нэгтгэлийн албан ёсны хаяг болгодог байсан билээ.

Түүгээр зогсохгүй 1970-90 оны хооронд цэргийн албан хаагчид ар гэртээ захидал бичихдээ шуудангийн хаягаа …дугаар цэргийн анги хэмээн байрлаж байгаа сум газар орны нэрнээс өөр ямар ч дугааргүй илгээж нуудаг байсан билээ. Өнөөдөр ч гэсэн Монгол улсын батлан хамгаалах салбарын хүчин чадал нөөц боломж ил дэлгэгдээгүй нууцлагдмал байгаа билээ.

Гэхдээ энэ удаа өөрийн армийн бүтэц бүрэлдэхүүний тухай биш харин нийт бие бүрэлдэхүүний тоогоороо дэлхийд толгой цохиж яваа БНХАУ-ын батлан хамаалах салбарын зүгээс сүүлийн үед алдагдсан нууц тоо баримтуудыг сөхөж үзье. 1995 онд Хятадын “Цэргийн ажиглалт” сэтгүүлд БНХАУ-ын Ардын чөлөөлөх армид өнөөдөр 1 сая 250 мянган цэрэг алба хааж байна хэмээн илэн далангүй тоо баримт дурдсан байлаа.

Гэвч саяхан Пентагоны тагнуулчдын хамгийн сүүлд авсан тоо баримтаар бол өнөөдөр Хятадын Ардын Чөлөөлөх Армид хоёр сая хоёр зуун тавин мянган /2,250,000/ цэрэг алба хааж байгаа бөгөөд тэднээс гадна бэлтгэл хүч нь л гэхэд 800 мянгад хүрчээ. Дээр нь дайны үед 660 мянган хүнтэй цагдаагийн бие бүрэлдэхүүн Хятадын Батлан хамгаалах яамны мэдэлд шилждэг аж.

Ингээд нийт бие бүрэлдэхүүн нь гурван сая 700 мянгад хүрсэнээр дэлхийд тэргүүлж эхэлсэн байна. Хүйтэн дайны үеийн ЗХУ-ын цэргийн нийт бие бүрэлдэхүүнээс нэг сая цэргээр давж гарсанаараа Хятад улс нь дэлхийн хамгийн олон цэрэгтэй улсаар тодроод байгаа гэсэн үг.

Удаах байруудад АНУ /нэг сая 600 мянга, Энэтхэг /нэг сая 200 мянга/, Умард Солонгос /нэг сая 190 мянга/, ОХУ /нэг сая/ цэргийн тоо толгойгоор жагсчээ. БНХАУ-ын тэнгисийн цэргийн хүчин нь 300 мянган албан хаагчтай бол цэргийн нисэх хүчин нь 250 мянган хүнтэй, харин стратеги пуужингийн анги нь 120 мянган цэрэгтэй бөгөөд цөмийн хүчний мэдэлд нь 450 орчим цэнэгт хошуу байдаг аж.

Тус улсын арми эдүгээ нийт 7500 танк, 6500 хуягт машин, 2200 цэргийн зориулалтын машин, 25000 их буутай, нийт 2500 орчим байлдааны онгоц, 650 нисдэг тэрэгтэй юмсанж.

Эдгээр нууц мэдээлэлүүлдийг олж цуглуулах гэж Пентагоны тагнуулчид 1990 оноос хойш нэлээдгүй хүч хөрөнгө зарсан нь ойлгомжтой. Хятадын зэвсэглэл бараг тэр чигээрээ өөрийн нь дотоодын үйлдвэрийнх бөгөөд гэхдээ голдуу ЗХУ буюу ОХУ-ын зэвсэглэлийн хуулбарууд байдаг ажээ.

Жишээ нь Хятадын “Туре-56” автомат л гэхэд “АК-47” автоматын, “Туре-59” гар буу нь Макаровын гар буу, “Туре-79” нь винтов нь Драгуновын мэргэн буудагчийн винтовын дуураймал хуулбарууд байгаа аж. Харин цэргийн нисэх хүчиндээ олон улс орны орчин үеийн онгоц зэр зэвсэгийг худалдан авдаг бөгөөд ОХУ-ын “Су-30”, “Су-27”, “Ил”, “Ту”, “Ми-8”, “Ми-17” загварын онгоц нисдэг тэрэгнүүд, АНУ-ын “S-70”, Францын “Мираж” , Европын “AS-332”, Канадын “Bom-600”, Израйлийн “Нагру” хэмээх нисэгчгүй онгоцнууд мөн ЗХУ-ын “Миг-21” сөнөөгч онгоцны хуулбар болох өөрийн үйлдвэрийн “J-7” хэмээх 500 гаруй сөнөөгч онгоцтой юмсанж. Байлдааны онгоцны тоогоороо Азийн бүсдээ нэгд, дэлхийд АНУ, ОХУ хоёрын дараа гуравт орж байна.

Харин гадаадын цэргийн шинжээчдийн ганц өөлдөг зүйл нь Хятадын усан флот аж. Хятад улс нь бусад том гүрний усан флоттой харьцуулахад хамгийн их хоцрогдсон тэнгисийн цэргийн хүчинтэй юм байна. Нисэх онгоц тээвэрлэгч аварга том крейсэр онгоцыг одоог хүртэл үйлдвэрлэж чадаагүй байгаа гэхээр л ойлгомжтой шүү дээ.

Тэгэхэд хажуухан талд нь Япон улс 120 нисэх онгоц тээвэрлэх хүчин чадалтай “Ямато” хэмээх крейсер онгоцоо бараг хориод жилийн өмнө Номхон далайн усанд тавьсан байгаа юм шүү дээ. Бээжингийн засаг захиргаа тэнгисийн цэргийн флотоо өөд нь татаж нисэх хүчнээ сайжруулахын тулд аль 1996 оноос эхлэн ОХУ-аас 12 ширхэг “СУ-33” нисэх онгоц авах гэж хөөцөлдөж байгаа боловч Москва хамгийн сүүлийн сөнөөгч онгоцнуудаа зарах гэж төдийлөн яарахгүй байгаа билээ.

Хятадын зэвсэгт хүчнээс хамгийн нууцлагдмал анги нь их бууны хоёрдугаар корпус гэгч бөгөөд зургаан бригадаас бүрддэг тус ангийн бие бүрэлдэхүүн улсынхаа өнцөг булан бүрт байнга шилжин нүүж байрладаг аж. Тэнд нууцлах ёстой ямар нэг зүйл байгаа нь эндээс илэрхий биз ээ.

Өнөөдрийг хүртэл тус их бууны хоёрдугаар корпус руу АНУ болон Япон, Вьетнам, Тайванийн тагнуулчдын аль нь ч нэвтэрч чадахгүй, тус ангид лазерийн хурц гэрлээр бууддаг технологи бүхий 19 ширхэг их буу байдаг гэсэн таамагаас өөр зүйл хэн ч олж гаргаж чадаагүй байгаа билээ. БНХАУ 2008 онд Батлан хамгаалах салбартаа 30 тэрбум ам.доллар зарцуулсан гэж мэдэгдсэн ч Пентагон тагнуул-чдынхаа тусламж-тайгаар уг тоог 150 тэрбум ам.доллар хэмээн залруулж байгаа билээ.

Вашингтон сүүлийн жилүүдэд Бээжингийн цэргийн хүчин чадал эрс өсөн нэмэгдэж байгаа талаар тагнуулын бүхий л шугамаар мэдээлэл авч байгаа ч бидний дурдаж байгаа тоон баримтууд нь хамгийн сүүлийн үеийн материалд хамаарах юм.

Цаашдаа хятадууд мэдээлэл зүй, авто механикжуулалтыг армидаа эрчимтэй нэвтрүүлэхийн зэрэгцээ алсын тусгалтай сансарын нарийвчлал бүхий пуужин, үл үзэгдэх усан доогуур шумбагч, 250 нисэх онгоц тээвэрлэх чадалтай аварга крейсер зэргийг бүтээхээр шамдан зорьж байгаа ажээ. АНУ зөвхөн Иракийн чөлөөлөх ажиллагаанд зориулж 800 тэрбум ам.долларыг зарцуулж байна гэхээр түүний хажууд Хятадын армийн нэг жилийн зардал хариугүй өчүүхэн мэт санагдах боловч ОХУ-ын цэргийн зардалаас давж гарсан учраас удахгүй эх газрын Хятадын зүгээс хөршүүддээ үзүүлэх цэргийн аюул нь бодитой болон хувирч болзошгүй юм.

Гэхдээ тус улсыг хүрээлэн оршдог хойд, урд хоёр Солонгос болон Япон, Лаос, Кампучи, Вьетнам, Балба, Бутан, Энэтхэг, Киргиз, Казахстан, ОХУ, Монгол зэрэг улсууд нь яваандаа Хятадын армийн аюул заналын эсрэг нэгдэн нягтарч эвсэл байгуулж мэдэх адил төстэй болгоомжлол бүгдэд нь байдаг билээ. Хэрвээ Хятадын хүн амын тэсрэлт, цэрэг армийн аюулын эсрэг Азид иймэрхүү холбоо байгуулагдвал тус улс нь гадна талаасаа бүрмөсөн бүслэгдэж маш хүнд байдалд орох болно.

Ийм аюул байгааг мэдсээр байж тус улс жил ирэх тусам армиа улам нүсэр болгож, цэргийн зардлаа нэмэгдүүлсээр, тойрон оршдог хөрш улсуудаа хоорондоо нэгдэн нягтарч мэдэх боломжийг бүрдүүлсээр байгаа нь сонирхолтой

No comments:

Post a Comment