Wednesday, October 21, 2009

ОРОН ГЭРГҮЙ ХҮМҮҮСТ ЗОРИУЛСАН 28 ТЭРБУМ ТӨГРӨГ ХААЧСАН БЭ?

Өвөл хаяанд ирчихжээ.Хүн бүр, дарга "сэтэр"-тэй болгон өвөлжилтийн талаар ярьж байна.Гэвч иргэдийнхээ хөрөнгийг, тодруулж хэлбэл мал хуйг нь яаж өнтэй өвөлжүүлэх вэ гэж ярихаас биш орон гэргүй хүмүүсээ яах вэ гэж нэг нь ч дуугарахгүй байна.Ерөөс жилийн жилд ийм л байсан. Гэтэл жил бүрийн өвөл 350-500 хүн орон гэргүйн улмаас хорвоог орхисоор…
Манай улсад үйл ажиллагаа эрхэлдэг нэгэн Төрийн бус байгууллагын хийсэн суудалгаанд нийслэлд одоогоор 12-15 мянган хүн орох оронгүйгээс болоод гудамжинд тэнэж амьдарч байгаа талаар дурджээ.Бас өөрийн гэсэн орон гэргүй, орцонд жижүүр хийж амьдарч байгаа мөн л ийм тооны хүн байгаа гэсэн. Ах, дүү хамаатан садныдаа ад үзэгдэн, гэрт нь толгой хоргодож, эсвэл айлын хашаа байшин хөлсөлж амьдарч байгаа ийм тооны хүн байгаа гэхээр бараг 50 мянга гаруй хүн өөрийн гэсэн гэргүй гэсэн тооцоо гарч байна. Харин улсын хэмжээнд авч үзвэл ойролцоогоор 100 мянга гаруй хүн өдөр хоногийг нэг иймэрхүү байдалтай өнгөрүүлж байна.Хоёр сая илүү хүн амтай улсад 100 мянга байна гэдэг бусад улстай харьцуулахад тийм ч их тоо биш.Ийм байтал жилийн жилд 350-500 иргэнээ "хөлдөөж ална" гэдэг энгийн зүйл биш.
Эмзэг бүлгийн иргэдэд халуун хоол өгч, хоноглуулах байрны төсөл хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гаргасан. Ингэхдээ Засгийн газраас 10 тэрбум төгрөг, олон улсын буцалтгүй тусламжаас 12 сая ам.долларыг энэ төсөлд зарцуулахаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд шилжүүлсэн байна. Нийтдээ 28 тэрбум гаруй төгрөг зарцуулах энэ төсөл өнгөрсөн зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж, орон гэргүй иргэдийн хоноглох байр бэлэн болсон байх учиртай.Гэвч Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам мөнгийг нь авснаас өөр ямар ч ажил хийхгүй байсаар өдий хүрчихэж."Яагаад" гэсэн асуултад тэд "Судалж байна" гэсэн хариулт өгөв.Гэтэл үнэн хэрэгтээ Ерөнхий сайд С.Баяр энэ төслийг нэгэн Төрийн бус байгууллагын судалгаанд үндэслэж хэрэгжүүлэхээр болсон байдаг.Төслийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн албан тушаалтнуудын судалж байна гээд байгаа тэр зүйл нь одоо ч тодорхой биш.Хүнд үзүүлж, харуулах зүйлгүй учраас тэд өнөөх Төрийн бус байгууллагын судалгааг өөрсдөө хийсэн юм шиг барьсаар сууна. Мөнгө нь, судалгаа нь ч аль хэдийнэ бэлэн болж, төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгээ ч томилчихсон хэрнээ юу ч хийхгүй гар хумхин сууж байгаагаа юу гэж тайлбарлах вэ, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд аа? Энэ өвөл дахиад хэдэн хүн орон гэргүй, хоргодох байргүйгээс болж гудамжинд амь тавих бол?Бас хэд нь гар, хөлөө хөлдөөж тахир дутуу болох бол.Өчүүхэн сэтгэл гаргаад, гараа жаахан хөдөлгөчихсөн л бол та төслийн үр дүнг үзэж, хэчнээн хүнийг хөлдөж үхэх аюулаас аврах байснаа бодож үзэх хэрэгтэй болов уу.Таны халааснаас биш, татвар төлөгчид, гадаадын хандивлагчдаас гарч байгаа мөнгийг зориулалтаар нь зарцуулж, үүргийнхээ дагуу ажлаа хийхийг л олон хүн танаас хүсч байна.Уг нь тэд хүсэх биш, шаардах эрхтэй.Хэдхэн сарын өмнө "Танайд хоноё" нэвтрүүлгээр гарсан Ц.Тамара гэгч эмэгтэйн тухай нэвтрүүлгийг та бүхэн үзсэн байх. Тэтгэврийн тэр хөгшин орон гэргүй 40-өөд хүнийг гэртээ толгой хоргодуулж, өлсөж, хөлдөж үхэх аюулаас аварчихаад байхад Монголын төр тэдний төлөө юу ч хийж чадахгүй байгаа нь хэтэрхий харамсалтай, ичгэвтэр биш гэж үү. Хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд гээд хүчин мөхөс олон хүн тэдний дунд байгаа шүү дээ.Төслийг нь хэрэгжүүлэх мөнгийг нь гаргаж өгчихөөд үр дүнг нь яагаад одоо болтол нэхэхгүй байна вэ, Ерөнхий сайд аа?Цаана чинь монгол хүмүүс өлсөж, даарч байна.

No comments:

Post a Comment