Wednesday, October 21, 2009

Оюутануудын сургалтын "ТӨЛБӨР" зарим нэгний гэдсээ тэжээх арга болжээ

Манай улсын 151 их дээд сургуульд 160 мянган оюутан суралцаж жил бүр 34 мянган оюутан шинээр элсч 25 мянган оюутан диплом өвөртөлсөөр ажил хайж хөдөлмөрийн зах руу оддог гэсэн статистик бий.

Тийм ч учраас хүн амд оногдох дээд боловсролтой иргэний тоогоороо манай улс дэлхийд эхнээсээ гуравт бичигддэг ажээ. Хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг АНУ болон ОХУ-ын өмнө нь бичигдэж байна гээд бодчих доо.

Гэхдээ энэ бол бахархал биш эмгэнэл болчихоод байгааг анхаарах хэрэгтэй байна. Жил бүр их дээд сургууль төгссөн 25 мянган хүнийг шингээгээд авах хөдөлмөрийн зах зээл ажлын байр манайд бий юу гэвэл байхгүй.

Дээд мэргэжлийн диплом өвөртөлсөн баарны зөөгч, хар захын наймаачдыг бэлтгэхийн тулд эцэг эхчүүд нь олон жилийн хөлс хөдөлмөрөө шавхаж сэхээтэн нэртэй хэдэн хүнийг тэжээдэг гаж тогтолцоо манай боловсролын салбарт идээ бээр болтолоо урхагшин хүндэрсээр удаж байна.

Энэ өвчин хэдийд арилах вэ гэвэл аравдугаар анги төгссөн залуус их дээд сургуульд оролгүй хар ажлын фронтод гарч хөл гараа хөдөлгөн хөдөлмөр хийдэг болсон тэр цаг үед л арилна.

Сүүлийн үед баар ресторанууд хүртэл бүр давраад дээд сургууль төгссөн дипломгүй бол зөөгчийн ажилд авахгүй гэдэг болсон байгаа юм. Хэдэн ширээний хооронд хоол зөөхөд дээд мэргэжлийн дипломны хэрэг юу байна.

Хүүхэд залуус маань арван жилийн сургуулиа төгсөөд заавал их, дээд сургуульд орно гэж зүтгэдэг болсон нь ажил хийхээс залхуурдаг болсонтой нь холбоотой.

Үр хойч маань хэрвээ дээд мэргэжилтэй болчихвол ядахдаа нэг албан газар хурган даргын ажил хийнэ, адаглаад хар ажилтай зууралдаж гар хуруугаа цэврүүтүүлэхгүй гэсэндээ л оюутан болохоор тэмүүлдэг болсон нь нууц биш. Ийм залхуу хойч үе маань эх орноо хөгжүүлэн цэцэглүүлэх иргэд болно гэхэд эргэлзээтэй.

Энэ жил “Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал” хэмээх хадны мангаа болсон үгээр шалтаглан төрийн өмчийн болон хувийн их дээд сургуулиуд нефть импортлогчид шиг нэгэн зэрэг үнээ нэмж оюутан болох сонирхолтой олон залуусыг эдийн засгийн хүнд дарамтанд оруулсан билээ. Статистикаас харж байхад их дээд сургуулиудын төлбөр доод тал нь 60 мянгаас эхлэн 200 мянга хүртэл төгрөгөөр нэмэгдсэн байна.

Гэтэл үүний эсрэгээр энэ жил магадлан итгэмжлэх шалгалтанд хувийн тодотголтой 60 их дээд сургууль бүдэрсэн гэж байгаа. Сургалтын чанар муу гэдэг нь тодорхой болсон тэрхүү 60 их дээд сургууль өнөөдөр мөн л бусдын жишгээр төлбөрөө нэмчихсэн хээвнэг сууж байгаа нь ойлгомжтой. БСШУ-ын сайд өөрийн биеэр төрийн өмчийн их дээд сургуулиудын захиралд хандан харж үзээч ээ хэмээн гуйж гувшсан албан тоот явуулсаны үр дүнд бага зэргийн хувиар буцаан бууруулжээ.

Гэхдээ торгоны өт болох хүр хорхойн үлгэрээр нэг төө ахиад ганц сөөм ухарна гэгчээр зардалаа 200 мянгаар нэмсэнээсээ 20-30 мянган төгрөг хассан болоод л орхисон байгаа юм. Жич сонирхуулахад манай улсад хамгийн олон оюутантай сургууль нь төрийн өмчийн оролцоотой ШУТИС буюу Техникийн их сургууль 21865 оюутантай байгаа бол “Цагаан сүлд” хэмээх коллеж ердөө 19–хэн оюутантай хичээллэдэг юм байна.

Хамгийн гол нь их дээд сургуулийн 160 мянган оюутан маань бүгдээрээ хөрөнгө бололцоотой чинээлэг айлын үр хүүхдүүд биш шүү дээ. Тиймээс сургалтын зардалаа олохын тулд элдвийн гэмт хэрэг өдүүлэх болсоны нэг нь саяхан хэсэг залуу сургалтын төлбөрөө олохын тулд Сэлэнгээс каннабис түүн авчирч зарж яваад баригдсан явдал юм.

Мөн хөдөө орон нутагт хэд хэдэн шатахуун түгээх станцыг дээрэмдсэн хэрэг ч мөн л оюутаны сургалтын зардалтай холбогдож байна гэсэн. Уг нь их дээд сургуулиуд хэр өргөн мэдлэг олгоно тэр хэмжээгээр сургалтын төлбөрөө нэмдэг болчихвол нэг их дургүйцээд байх зүйл байхгүй. Гэтэл энэ жилийн төлбөр нэмсэн шалтгаан нь их хөгийн. Сургалтын төлбөрөө нэмсэн их дээд сургуулиудын удирд-лагууд “Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямрал, шатахууны үнэ нэмэгдсэнээс үүдэлтэй” гэдэг хоёрхон зүйлийн шалтаг тоочиж байгаа нь үнэнд нийцэхгүй байгаа юм.

Дэлхий нийтийн банкны системээр сургуульдаа хичээл заадаг юм уу, багш нар нь бензин шатахуун ууж байгаад хичээл заадаг юм уу. Тиймээс энэ бол сургалтын төлбөрөө нэмэх шалтаг огтхон ч биш билээ. Зарим сургуулийн захирал төлбөр нэмсэн шалтгаанаа “Компьютерийн танхим нэмж байгуулах гэж байгаа, ширээ сандлаа бүгдийг нь будсан, багш нарын цалинг нэмсэн” гэх мэт хэн бүхний мэдэх аар саархан зүйлээр тайлбарлаж байна гэсэн.

Ширээ сандлаа будахгүй халцарсан будагтай нь байлгаж яагаад болохгүй гэж. Итали, Германы мебель авчирч тавиад ч сургалтын чанар сайжрах биш. Их, дээд сургууль төгсөн гарч байгаа 25 мянган оюутаны маань тэн хагас нь дэлгүүрийн худалдагч, лангууны наймаачин, гуанз баарны зөөгч болж байгаа нь их дээд сургуулиудын чанар маш муу байгааг нотолж байгаа шүү дээ. Үүнийг их мөнгөөр “эрдэм оюун” зааж гийгүүлдэг багш нар маань бодолцох ёстой болов уу.

Дөрвөн жилд нэг оюутанаас дөрвөн сая төгрөг авч байж дипломаа зарсан хувийн их дээд сургуулийн захиралууд өөрийнхөө сургуулийн оюутануудыг зах дээр хуушуур зарж явааг хараад дотроо “Би ч энэ хүүхдүүдийг дээд боловсролын дипломаар зальдчихсан шүү” гэж бага зэрэг ч болтугай ичдэг байх хэрэгтэй. Ингэж ичиж сурсан цагт жилийн жилд элсэлт авахдаа сургуулийнхаа гадна талын ханан дээр “Та манай сургуулийг төгсөнөөрөө шууд ажлын бэлэн байртай болж шилдэгийн шилдэг эрэлт хэрэгцээтэй боловсон хүчин болно. Арай л АНУ-ын ерөнхийлөгчид өрсөлдөх чадвартай удирдагч болно” гэж бичдэгээ болино шүү дээ.

Харин ч “Та манай сургуулийг төгсөнөөрөө дөрвөн жилийг хий дэмий шоу цэнгээн баар буудалд өнгөрөөж согтуу хөлчүү, авилгачин голдуу багш нараар оромдсон зүйл заалган юу ч ойлгохгүй төгсөөд ажлын байр ч үгүй гудамжны метр, дипломны гол болж хоцорно. Аз таараад ажилд орж гэмээнэ шууд гологдож халагдана. Та манай сургуулийг төгссөнөөрөө хүнд үзүүлж харуулах сайхан том ромбо, дипломтой болох хэдий ч хар зах дээр гэдэс цувдайгаар бууз хийж зарахаас өөр ямар ч үр дүнд хүрэхгүй” гэсэн реклам хаддаг болох юм.

Энэ цагт л сая нэг хэдэн зуун их дээд сургуулиуд оромдсон боловсролоор олон мянган залуусын халаасыг сэгсэрч сургалтын төлбөрөөр нь гараа угааж, амьдралаа додомдон гэдсээ тэжээдэг заваан явдал засагдана даа

No comments:

Post a Comment